 Английн инээдмийн жүжигчин Рован Себастиан Эткинсон буюу
үзэгчдэд Мистер Бен нэрээр танил болсон энэ эрхэм 1955 оны нэгдүгээр
сарын 6-нд Английн Дурхам хотод төржээ.Инээдмийн жүжигчин
Эткинсон бүтэлгүй эр Бений хөгжилтэй түүхийг өгүүлсэн телевизийн
цуврал кинонд тоглон олны танил болсноос гадна хүүхдүүдийн дуртай
"Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны зазу гэдэг шувууны дууг
оруулжээ. Түүний эцэг компанийн эзэн Эрик Эткинсон, ээж Элла Мэйтэй нь
1945 онд гэрлэжээ. Мистер Бен дээрээ Родней Эткинсон, Руперт
Эткинсон гэдэг хоёр ахтай аж.
Рован Эткинсон бага сургуулиа төгссөний дараа цахилгааны инженерийн
мэргэжлээр Ньюкэстле их сургуульд элсэн оржээҮүний дараа Оксфордын
коллежид шинжлэх ухааны магистрын ангид суралцах болжээ. Эткинсон 1976
онд Эдинбургийн урлагийн наадамд оролцон анх урлагийн амтыг
мэдэрчээ. Тэрбээр Оксфордод байхдаа сургуулийнхаа жүжгийн дугуйланд
явж, богино хэмжээний жүжигчилсэн тоглолтод оролцдог байв. Үүний
дараа Эткинсон зохиолч Ричард Куртис, найруулагч Ховард Гууддал
нартай уулзаж уран бүтээлийн гараагаа цааш үргэлжлүүлэх дэм авчээ.
1978 оноос Эткинсон Би-Би-Си агентлагийн радиогийн инээдмийн
хөтөлбөрт оролцон "Эткинсон ба хүмүүс” гэдэг шоу нэвтрүүлэг бэлтгэх
болжээ. Эткинсон их сургуулиа төгссөний дараа инээдмийн жүжигчин Ангус
Деатонтой хамт телевизийн шоу нэвтрүүлэгт оролцох болжээ. Нэвтрүүлэг
амжилттай болж, тэрбээр 1979 онд телевизийн "Canned Laughter”
инээдмийн кинонд тоглосон байна. Үүний дараа телевизийн н”Not the
Nine O’Clock News”, "The Black Adder” зэрэг цуврал инээдмийн кинонд
дүр бүтээжээ. Үзэгчдэд хамгийн их хүрсэн түүний дүр бол мэдээж хэрэг
"Мистер Бен” инээдмийн цуврал кино юм. Энэ кино нь 1990 оны шинэ
жилийн баяраар анх телевизийн дэлгэцнээ гарч байжээ.
Мистер Бений дүрийг тухайн үед орчин цагийн Чарли Чаплин гэж нэрлэж
байв. 1990 оны эхээр Бений тухай богино хэмжээний цуврал дэлгэцнээ
гарч байсан ч Мистер Бений дэлгэцийн бүрэн хэмжээний анхны кино 1997
онд гарчээ. Энэ киног "Not the Nine O’Clock News” кинонд хамт тоглож
байсан жүжигчин Мел Смит найруулсан байна. Харин "Мистер Бений
амралт” гэдэг хоёр дахь бүрэн хэмжээний киног 2007 онд бүтээжээ.
Жүжигчин Эткинсоны гол уран бүтээлээс нэрлэвэл, 1983 онд "Жеймс Бонд:
Дахин хэзээ ч гэж хэзээ ч битгий хэл”, 1989 онд "Өндөр залуу” , 1994
онд "Дөрвөн хурим ба оршуулга” кинонд туслах дүр, "Араатны хаан
арслан” хүүхэлдэйн киноны Зазу гэдэг шувуунд дуу оруулсан, 2001 онд
"Хархны уралдаан”, 2002 онд "Скуби-Ду”, 2003 онд "Хайрын мөн чанар”,
2003 онд "Англи Жонни”, 2005 онд "Ээжийгээ асарсан нь” зэрэг кинонд
дүр бүтээжээ.
Түүний бүтээсэн дүр нь үргэлж л эв хавгүй хөдөлгөөнтэй, хоолойн
этгээд сонин өнгөтэй, бүтэлгүй эрийг дүрсэлдэг бөгөөд түүний
хөдөлгөөнийг инээдмийн нэрт жүжигчин Чарли Чаплинтай харьцуулдаг
билээ. Эткинсон 2008 оны 12 дугаар сараас 2009 оны долдугаар сард
жүжигт хүч үзсэн байна.
Эткинсон нь АНУ-ын Нью-Йорк хотын "Орос цайны газар” гэдэг зоогийн
газар Сунетра Састри гэдэг бүсгүйтэй гэрлэжээ. Тэднийх хоёр хүүхэдтэй.
100 сая гаруй фунтын хөрөнгөтэй Эткинсон өсвөр насандаа гэр бүлийн
хэрэгцээнд ээжийнхээ "Моррис Минор” автомашиныг унаж, улмаар
автомашины хорхойтон болжээ. Тэрбээр осолд орж байсан "McLaren F1”
машинтай бөгөөд "Audi A8”,”Honda Civic Hybrid” зэрэг хэд хэдэн
машинтай гэнэ.
|