Хиймэл хүн бүтээх төслөө дэмжихийг Дмитрий
Медведевээс хүсээд буй "ОРОС 2045” хөдөлгөөнд нэгдсэн Оросын шилдэг
эрдэмтэд өөрсдийн энэ агуу санаагаа хэрэгжүүлэх ажилдаа оржээ. Үүний
тулд тэд хэд хэдэн чиглэлээр судалгаагаа хийж эхлэв.
Нейроинтерфейсийн
тусламжтайгаар бодол санааг нь удирдаж болох хүний хиймэл хувийг
бүтээхээр эрдэмтэд ажиллаж эхэллээ. Тэд энэхүү биеэ Жеймс Кэмероны
киноны баатрын нэрээр "аватар" гэж нэрлээд байгаа. Ойрын дөрвөн жилд
анхны "аватар" загвар бэлэн болно гэж үзэцгээж буй ажээ. "Кинонд гардаг
шиг технологийн өндөр түвшинд биш ч хүний биеийг хувилан түүнийгээ
нейроинтерфейсээр удирдах болно” гэж "Орос 2045” хөдөлгөөнийг үүсгэн
байгуулагчдын нэг Дмитрий Ицков "Взгляд.ру" сайтад мэдээлсэн байна. 2020
он гэхэд хиймэл биеийг үйлдвэрлэж эхлэх болно гэж тэрээр мэдэгджээ.
Хоёрдахь чиглэл нь бол нас барж буй хүний уураг тархийг шилжүүлэн
суулгаж болох бие бүтээх явдал юм. Ингэж шилжүүлэн суулгаснаар хүний
насыг 200-300 жилээр уртасгаж болох юм гэж зарим судлаачид үзэж буй
гэнэ. Арван
жилийн дараа гэхэд эхний амжилттай туршилтаа хийгээд 2025 он гэхэд бүрэн
үйлдвэрлэлд нэвтрүүлнэ гэж судлаачид тооцож байгаа юм байна. "Орос
2045” төслийн шийдэх асуудлуудаас хамгийн хүнд нь хиймэл биед хүний оюун
ухааны биет бус материалыг яаж бүрэн шилжүүлэн суулгах вэ гэдэг асуудал
юм. Судлаачид энэ ажлыг 20 жилийн дараа шийднэ гэж найдаж буй гэнэ. Дөрөв
дэх чиглэл нь бол бодит болон виртуал ертөнцийн аль ч цэгт проекцлон
буулгаж болдог виртуал голограмм бие бүтээх явдал юм. "Голограмм бие
бүтээх нь хэт алсын мөрөөдөл шиг санагдаж болох юм. Үнэндээ бол үүнийг
бүтээх нь хамгийн хэцүү асуудал гэхдээ хүн төрөлхтөний хувьслын явцад
тохиолдож буй хамгийн сонирхолтой үйл явдал болно” гэж Ицков мэдээлэв. "Миний
санал болгож буй судалгааны дөрвөн чиглэл болон хугацаа нь хэрэгжих
боломжтой. Мэдээж хэрэг нилээд өөдрөгөөр цаг хугацааг тооцсон ч олон
эрдэмтэд үүнийг хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа. Энэ бол бидний ойрын
35 жилд хэрэгжүүлэх төлөвлөгөө. Үүнийгээ хэрэгжүүлэхээр зүтгэх болно”
гэж Ицков мэдэгджээ. Хиймэл
биеийн үйл ажиллагааны хүрээ нь 2045 он гэхэд одоогийн бодит биеээс
хамаагүй давуу мөн хэлбэрийн хувьд ч маш сайн болсон байх болно гэдгийг
судлаачид иш үндэс болгон хиймэл бие бүтээх төслийг нь төрөөс дэмжиж
өгөхийг хүссэн захиаг нейроинтерфейс, хиймэл эрхтэн, систем бүтээхээр
ажилладаг эрдэмтэд Оросын ерөнхийлөгчид илгээсэн байна.
Тэр үед нэгэнт биологийн бүх л нөөцөө шавхсан хүмүүс шинэ биед оршин
цаашид амьдрах эсэхээ өөрсдөө шийднэ. Хүмүүсийн оюун ухаан, ёс
суртахуун, бие бялдар, сэтгэл зүй, үзэл бодлыг хөгжихөд нь туслах үзэл
санаа, үнэлэмж, технологийн цогц тогтолцоог боловсруулах ажлыг эрдэмтэд
ерөнхийлөгчдөө санал болгожээ.
|